Цэс

Дотоод журам

2017-03-22 - Танилцуулга

20.. оны ….дүгээр сарын …. –ны өдрийн Багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлав.

СУРГУУЛИИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЭЛТ

МАТАД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ

  1. Энэхүү дотоод журмыг нийт багш, ажилчдын саналыг тусган, Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай”, “Боловсролын тухай” хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлсэн болно.
  2. Дотоод журамд тус сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, багш, ажилчдын ажлын хариуцлага, эрх үүргийг тодорхойлсон болно.

Нэг. Багшийн эрх, үүрэг

1.3. Багшид хүлээлгэх хариуцлага

1.3.1. Ээлжит/нэгж хичээлийн хөтөлбөрийг батлуулахдаа:

А. 1-10 жил ажилласан багш дэлгэрэнгүй бичиж, үзүүлэн, ТӨМ, жишиг даалгаврыг бүрэн гүйцэд бэлтгэж батлуулна.

Б. 11-20 жил ажилласан багш товч төлөвлөлт хийж батлуулна.

В. 20-иос дээш ажилласан багш нэгж хөтөлбөрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй бичиж батлуулна.

1.3.2. Ээлжит хичээлийн хөтөлбөрийг дутуу хөтөлсөн тохиолдолд тухайн сарын цалингийн 5-10 хувь, хичээлийн жилийн хөтөлбөрийг улирлаар болон жилээр төлөвлөөгүй бол үндсэн цалингийн 10 хувийг тус тус хасаж тооцно.

1.3.3. Хичээлээс 10 минут хоцорсон тохиолдолд тухайн цагийг заагаагүйд тооцон нэг цагийн хичээл тасалсанболнэг өдрийн хөлсийг хасна.

1.3.4 Сургуулийн захиргаа болон удирдах дээд байгууллагаас сургалт хүмүүжлийн ажлын чиглэлээр зохион байгуулсан хурал, ажил дүгнэх цуглаан, ярилцлага, онол арга зүйн хичээл, нээлттэй хичээл, уулзалт семинар зэрэгт тодорхой шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдол бүрийг нэг цагаар тооцож, уг багшийн цагийн гүйцэтгэлийг хасна.

1.3.5. Хариуцсан ангийн эд хогшлын бүрэн бүтэн байдал, хариуцаж буй тоног төхөөрөмж эвдэрч үрэгдсэн бол дансны үнийг тухайн үеийн ханшид шилжүүлэн төлүүлнэ.

1.3.6. Улс, аймаг, сургуулийн түвшин тогтоох шалгалт болон массын олимпиадад чанар 10 хувь, амжилт 50 хувиас доош шалгагдсан тохиолдолд үндсэн цалингийн 10 хувийг хасна.

1.3.7. Түвшин тогтоох шалгалтын мөрөөр үр дүнтэй ажиллаагүй, чанарын ахиц гаргаагүй, хоцрогдол арилаагүй удаа дараа доогуур үнэлгээтэй шалгагдвал багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, шат дараалсан арга хэмжээ авна.

1.3.8. Хөндлөнгийн шалгалт авсан тохиолдолд чанар 15 хувьд, амжилт 50 хувь хүрээгүй бол тухайн багш хангалтгүй шалгагдсан сурагчдад 10 цагийн давтлага өгч, сурлагын хоцрогдлыг арилгах бөгөөд уг багшид давтлагын цагийн хөлсийг олгохгүй.

1.3.9. Сургуулийн захирлын зөвшөөрөлгүйгээр сургалтын техник хэрэгслийг бусдад дур мэдэн дамжуулсан, эвдрэл гарсан тохиолдолд үүнийг нь хариуцагч багшаар төлүүлж, төлбөрийг сургуулийн аж ахуйг бэхжүүлэхэд багш нарын зөвлөлийн хяналтын дор зохицуулна.

1.3.10. Сургуулийн захиргаа болон удирдах дээд байгууллага, олон нийтийн байгууллагаас шаардсан мэдээ, судалгаа, тайланг хугацаа хоцруулсан тохиолдолд сарын цалингийн 10 хувийг хасна.

1.3.11.Заах арга, ур чадвар, мэдлэг тухайн мэргэжлийн багшийн байх түвшинд хүрээгүй, сургууль дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцсон багшид ажлаас халах арга хэмжээг авна.

1.3.12. Багш нь ёс зүйн алдаа гаргасан, журнал, хувийн хэрэг буруу хөтлөх, засвар хийх, сургалтын бичиг баримт, улсын шалгалтын комиссын дүрэм зөрчих, сурагчдын дунд биеэ зөв авч яваагүй, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн, хэн нэгнийг доромжлох, зохион байгуулагдаж буй ажлыг эсэргүүцэж зайлсхийсэн, удирдлагын болон хамт олны шаардлагыг биелүүлээгүй, шүүмжлэлийг хүлээж авахгүй байгаа тохиолдолд багш нарын зөвлөлийн хурал, хамт олны хурлаар хэлэлцэж, энэбайдал дахин давтагдвал шат дараалсан арга хэмжээг авч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.

1.4. Сургуулийн үйлчлэгчийн эрх, үүрэг

1.4.1. Сурагчдын оролт гаралтанд хяналт тавих

1.4.2. Хариуцсан талбайг шаардлагын хэмжээнд цэвэрлэх

1.4.3. Ажлын цагаар гадна талын үүдийг тогтмол цэвэрлэх, сургуулийн коридорт чийгтэй болон их цэвэрлэгээ хийх, хог хаягдлын цэгийг цэгцэлж, орчны бохирдлоос хамгаалах

1.4.4. Хөдөлмөрийн багаж хэрэгсэл, нормын хувцсаар хангуулж, өөрийн эзэмшиж байгаа цэвэрлэгээний багаж хэрэгсэл болон нормын хувцсыг ариг гамтай хэрэглэнэ.

1.4.5. Цэвэрлэгээнд ариутгалын бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэн, их цэвэрлэгээг 3 хоног тутамд хийж, чанарыг аж ахуйгаар шалгуулах

1.4.6. Цэвэрлэгээ хийж байгаа өрөө танхимын эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавин хамгаалж ажиллах

 

Хоёр. Сургуулийн нийгмийн ажилтны эрх, үүрэг

Гурав. Захиргаа, аж ахуйн ажилчдын эрх, үүрэг

3.1. Аж ахуйн үүрэг

3.1.1. Эд хогшлын  эдэлгээнд хяналт тавьж, гамтай эдлэх, засаж сэлбэх талаар багш, сурагчдад хяналт тавих

3.1.2. Сургуулийн өмчийг эвдэж үрэгдүүлсэн багш, сурагч, ажилчдад төлбөр тавих

3.1.3. Ажилчдын ажил үүргийн хуваарь гарган батлуулж, биелэлтэд хяналт тавих

3.1.4.Сургуулийн гадна дотно тохижилт, урсгал засварын талаар сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх

3.1.5. Сургуулийн эд хөрөнгийг хариуцагч нэг бүрээр нь тооцож, гарсан хохирлыг тухай бүрд нь тооцон, зохих байдлаар арилгуулдаг байх

3.1.6. Ажилчдын багаж хэрэгсэл, шаардлагатай материалыг цаг ямагт бэлэн байлгах

3.1.7. Сургуулийн анги танхим, заал, талбайн ариун цэвэр, хогийн цэгийг тогтмол ариутгалын бодисоор цэвэрлүүлэх, түүнийг зөв хадгалах

3.1.8. Сургуулийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүртгэл, складын бүртгэлийг тогтмол хөтөлж байх

3.1.9. Сургалтын хэрэглэгдэхүүний тооцоог улирал бүрээр хүн нэг бүртэй тооцон, ашиглалтын байдалд дүгнэлт гарган, гарсан зөрчлийг тухай бүрт нь арилгуулах

3.1.10. Дотуур байрын сурагчдын хоол хүнсний бүтээгдэхүүнийг гэрээтэй аж ахуйн нэгжээс авахдаа холбогдох бичиг баримтыг үндэслэн, чанарыг шалган авч нийлүүлнэ.

3.1.11. Тайлан тооцоог сар бүр санхүүд гарган өгч, хагас бүтэн жилийн тооллогыг чанартай явуулж, анхан шатны бүртгэлийг журмын дагуу хөтөлнө.

3.1.12. Байгууллагын архивын бичиг баримтыг журмын дагуу хөтөлж, хадгалалт хамгаалалтад анхаарч ажиллана.

3.2. Байрын багшийн эрх, үүрэг

3.2.1. Өглөөний 9 цагаас 18 цаг хүртэл байрны хүүхдүүдийн бүх үйл ажиллагааг хариуцан, ажлаа явуулна.

3.2.2. Сурагчдын сурч амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд идэвх санаачилгатай ажиллах

3.2.3. Сурагчдын хүмүүжил, төлөвшил, гэрийн даалгавар, ариун цэвэр, алдаа дутагдал, зөрчлийг биечлэн хариуцна.

3.2.4. Тогоочийн ажилд хяналт тавьж, амт чанартай хоолоор үйлчлэхэд анхаарал тавина.

3.2.5. Байрны сурагчдын зөрчил дутагдлын талаар эцэг эхэд нь болон сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх

3.2.6. Оройн 18 цагт байрны сурагчдыг бүртгэн, хүүхдийн тоог авч, жижүүт хүлээлгэн өгнө. Шаардлагатай үед жижүүртэй хамтран ажиллана.

3.3. Байрын жижүүрийн эрх, үүрэг

3.3.1. Байрын жижүүр нь ээлжтэй үедээ цагийн хуваарийн дагуу өглөө сурагчдыг босгон, цайнд оруулж, тасгийг цэвэрлүүлж, хичээлд нь явуулах, орой байрын багшаас хүлээн авч, хяналт тавьж, цагийн хуваарийн дагуу сурагчдыг унтуулах

3.3.2. Багш, сурагчийн үйл ажиллагааны талаар сургуулийн захиргаанд санал хүсэлт оруулан шийдвэрлүүлэх

3.3.3. Ажилласан хугацааны тэмдэглэлийг тодорхой, дэлгэрэнгүй бичих

3.3.4. Сурагчдын оролт гаралт, гэрийн даалгаварт хяналт тавьж байх

3.3.5. Ээлжийн хугацаанд байрны гадна тал болон дотор чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, хог хаягдлын цэгийг цэгцэлж, орчны бохирдлоос хамгаалах

3.3.6. Хөдөлмөрийн багаж хэрэгсэл, нормын хувцсаар хангуулах

3.3.7. Өөрийн эзэмшиж байгаа цэвэрлэгээний багаж хэрэгсэл, нормын хувцсыг ариг гамтай хэрэглэнэ.

3.3.8. Цэвэрлэгээнд ариутгалын бодисыг тогтмол хэрэглэнэ.

3.3.9. Байр болон түүний өмчид хамрагдах эд хогшлыг нүдлэн хамгаална.

3.3.10. Ээлжийн жижүүрүүд ажлаа нарийн хүлээлцэх ба ээлж хооронд байрын өмч хөрөнгө эвдэрч үрэгдсэн, гэм буруутай этгээд нь тогтоогдоогүй бол хариуцлагыг ээлж хариуцсан жижүүрт тооцон, төлбөр гаргуулан, байгууллагыг хохиролгүй болгоно.

3.3.11. Сургалт хүмүүжлийн ажлын үед хариуцлага алдсан жижүүрт эхний удаа сануулах арга хэмжээ, дараагийн удаа цалингийн 20 хувиар хасах, уг байдлаа давтан, хариуцлагагүй хандвал  хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна.

3.4. Тогоочийн эрх, үүрэг

3.4.1. Өдрийн цагийн хуваарийг мөрдлөг болгон, 8 цагийн хөдөлмөр гүйцэтгэнэ.

3.4.2. Тогооч нь хоолыг амт чанартай хийн, 7 хоногийн цэсний дагуу сурагчдад хүртээмжтэй хийж үйлчилнэ.

3.4.3. Өглөө, өдөр, оройн цай хоолыг товлосон цагаас хоцроохгүйгээр бэлэн болгох

3.4.4. Гал тогооны ариун цэврийг чанд сахина.

3.4.5. Хоолны аяга таваг, халбага сэрээ, данх тогоо, сав суулгыг цэвэрлэх дамжлагын дагуу угааж цэвэрлэнэ.

3.4.6. Хоолны талаарх санал хүсэлтийг сурагчид болон эцэг эхээс сард нэг удаа авч байх

3.4.7. Хоол хүнсний материалыг аль болох хүртээмжтэй хэрэглэхэд санаачилгатай байх

3.4.8. Ахуй, халдвар хамгааллын дүрмийг чанд сахина.

3.4.9. Хүнсний хэрэгцээнд авсан бараа бүтээгдэхүүний чанарт анхаарал тавьж, шаалдлагатай гэж үзвэл хариуцсан хүмүүст санал хүсэлтээ хэлэх, асуудлыг шийдвэрлүүлэх

3.4.10.  Эрүүл мэндийн үзлэгт орж, дэвтрийг тасалдуулахгүй бөглүүлж, шинжилгээний баталгааг хийлгэсэн байна.

3.5. Галч нарын эрх, үүрэг

3.5.1. Өглөө 9 цагт ээлжийг хүлээлцэн, дараа өдрийн 9 цаг хүртэл хугацаанд сургуулийн халаалт, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

3.5.2. Ээлжтэй үед зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах, арга хэмжээг авч, дараагийн галчид хүлээлгэж өгнө.

3.5.3. Нүүрсийг нормын дагуу ариг гамтай зарцуулж, дээд чайны усыг дүүрэн байлгана.

3.5.4. Халаалт хэлэхээс өмнө засварын ажлыг хийж гүйцэтгэн, халаалт ирэх өдрүүдэд шаардлагатай багаж хэрэгсэлтэй бэлэн байж, ус алдах, хөлдөхөөс сэргийлэх

3.5.5. Анги танхимын халаалтыг тогтмол тэмдэглэн, дулааны хэмжээ авах

3.5.6. Сургуулийн хий авах цэгүүдэд тогтмол үзлэг хийж, шаардлагын хэмжээнд байлгах

3.5.7. Засварын ажил хийх явцдаа анхаарал болгоомжтой байж, аюулгүй хэмжээнд байлгах

3.5.8.Засварын ажил хийх явцдаа анхаарал болгоомжтой байж, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллах

4.1. Сурагчийн мөрдөх дэг

4.1.1. Сурагч нь хичээлд ирэхдээ цэвэр үзэмжтэй хувцаслаж, тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангасан байна.

4.1.2. Хичээл эхлэхээс өмнө 5 минутын өмнө сургуульд ирж жагссан байна.

4.1.3. Хичээл хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд багшаас зөвшөөрөл авч гарна.

4.1.4. Сургуулийн болон ангийн эд зүйл, тоног төхөөрөмжийг ариг гамтай эдэлж хэрэглэнэ.

4.1.5. Бусдыг хүндэтгэн, зөв боловсон харьцана.

4.1.6. Сургуулиас зохиогдож буй хүмүүжлийн ажил болон олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцоно.

4.1.7. Хичээлийн цагийг үр ашигтай, мэдлэг авах

4.1.8. Гудамж талбай болон олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явна

4.1.9. Хараалын үг хэллэг, бусдыг хуурч мэхлэх, хүний эд юмсыг зөвшөөрөлгүй авахыг цээрлэнэ.

4.1.10. Анги удирдсан багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь гүйцэтгэхийн зэрэгцээ хуваарийн дагуу жижүүрийн үүргийг сайн хийж гүйцэтгэнэ.

4.1.11. Өөрийн авьяас сонирхлыг хөгжүүлэн, дугуйлан секцэд хамрагдан, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд анхаарна.

4.2. Сурагчид хүлээлгэх хариуцлага

4.2.1. Хичээлийн жилд 1-9 дүгээр ангийн сурагчид 20 цагийн хичээл тасалсан тохиолдолд багш нарын хурлаар оруулж шийдвэрлүүлнэ.

4.2.2. Сургалт, хүмүүжлийн ажлаас удаа дараа хоцорсон, тасалсан тохиолдолд сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэх, анги хамт олны хурлаар оруулах

4.2.3. Сахилгын болон хүмүүжлийн зөрчил гаргасан сурагчийг багш нарын хурлаар хэлэлцэн, эцэг эх болон тухайн сурагчид хариуцлага тооцно.

4.2.4. Хангалтгүй дүнтэй суралцвал сургуулийн захиргаа, багш нарын зөвлөл тухайн сурагчийн анги удирдсан багш, мэргэжлийн багш нар эцэг эхтэй хамтран ажилласан байдалд дүгнэлт хийж, хугацаатай үүрэг өгч ажиллуулах

 Багш, ажилтанд үзүүлэх тусламж

5.1. Сургуулийн захиргаанаас үзүүлэх тусламж

5.1.1. Ажилтан өөрөө нас барсан тохиолдолд 200000 төгрөг, гэр бүл, үр хүүхэд, асран хамгаалагч нас барсан тохиолдолд 100000 төгрөг, ойр дотны хүн нас барсан тохиолдолд 50000 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

5.1.2. Төрсөн үр хүүхэд, эхнэр/нөхөр нь удаан хугацаагаар өвчилсөн тохиолдолд тухайн багш, ажилтан эмчилгээнд зайлшгүй авч явах шаардлагатай үед сургуулийн төсвөөс 50000 төгрөгний буцалтгүй тусламж үзүүлнэ.

5.2. Багш ажилтанд үзүүлэх хөнгөлөлт

5.2.1. Хичээлийн жилд нэг удаа бичиг хэргийн материал олгож байх/бичгийн цаас, хайч, цавуу, тосон бал гэх мэт/

5.2.2. Эцэг эх, ах дүү, үр хүүхэд, хадам эцэг эх, эмээ өвөө, эхнэр нөхөр нас барсан тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно.

5.2.3. Эцэг эх, үр хүүхэд, гэр бүл нь өвчтэйн улмаас заавал сахиж эмчлүүлэх шаардлагатай эмчийн дүгнэлт гарсан бол 1-2 сарын хугацаатай цалингүй чөлөө олгох ба 7 хоногийн хугацаанд бол цалинтай чөлөө олгоно.

5.2.4. Хэрэв багш, ажилтан биеийн байдлаас шалтгаалан, эмчийн магадлагаагаар ажиллах боломжгүй болсон тохиолдолд өөрөө хүсвэл жилийн чөлөө олгох ба энэ тохиолдолд тухайн хүн өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр зохих хувиар төлж байх

5.2.5. Багш, ажилтан ажил төрлийн шаардлагаар явах тохиолдолд 3-аас хэтрэхгүй хоногийн цалинтай чөлөөг нэг жилд нэг удаа олгоно.

Зургаа. Шагнал урамшуулал

6.1. Багшийн шагнал урамшуулал

6.1.1. Ур чадвар тэмцээний анхан шатанд 1-р байр эзэлсэн багшид цалингийн 10%, 2-р байр эзэлбэл 5%-ийн нэмэгдэл олгоно.

6.1.2. Улс, аймгийн чанартай уралдаан тэмцээн олимпиадад өөрөө болон бэлтгэсэн шавь нь сайн оролцож, 1-5-р байр эзэлсэн багшид цалингийн 10-30%-ийг эзэлсэн байрыг харгалзан, өсгөж олгоно.

6.1.3. Тухайн багшийн заадаг хичээл болон ангиас нь ТТШ-ыг авахад аймгийн дунджид сурлагын чанар нь хүрсэн ба давсан тохиолдолд цалингийн 10-15%-ийн нэмэгдэл цалин олгоно.

6.1.4. Жил бүр “Оны тэргүүний багш”-ийг  хамт олны хурлаар хэлэлцүүлэн шалгаруулж, нэг сарын цалингийн 45%-тай тэнцэх мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

6.2. Ажилтан, сурагчийг шагнаж урамшуулах

6.2.1. Жил бүр хамт олны саналыг үндэслэн “Оны тэргүүний ажилтан”-ыг шалгаруулж, нэг сарын цалингийн 65 хувьтай тэнцэх мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

6.2.2. Жил бүр багш, ажилчдын саналыг үндэслэн “Оны тэргүүний сурагч”-ийг шалгаруулан 100000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

 Долоо. Ажил, амралтын цаг, чөлөө олголт

7.1. Ажилтны 7 хоногийн ажлын цаг нь 40 байхаар ажлын ачаалал нь зохицуулагдсан байх ба багш нарын хувьд сургалтын цаг 19 байна.

7.2. Хөдөлмөрийн хуулийн 74.2-т зааснаас бусад нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллахгүй.

7.3. Цаг үеийн шаардлагаар ажлын ачаалал нэмэгдсэн үед ажилтантай тохиролцсоны үндсэн дээр нийтээр амрах болон баяр ёслолын өдрүүдэд ажиллуулж болно.

7.4. Жил бүрийн ээлжийн амралтыг багш, ажилтан биеэр эдлүүлэх ба багш, ажилтан сургуулийн захиргаатай тохиролцсоны үндсэн дээр жилдээ багтаан, ээлжийн амралтаа хэсэгчлэн ажиллаж болно.

7.5. Ээлжийн амралттай ажилтныг амралтын хугацаа дуусахаас өмнө ажилд эргүүлж оруулбал, амралтын дутууг нөхөж эдлүүлнэ.

7.6. Багш, ажилтан хүүхдээ төрүүлсэнээс хойш 6 сараас 1 жилийн хугацаанд хүүхдээ өөрийн биеэр асарч бойжуулна. Мөн өөрөө хүсвэл 3 нас хүртэл нь хүүхдээ асарч болно.

7.7. Ажилтан нь ажлын цагт ажлын байрандаа байж, ажил үүргээ гүйцэтгэх ба ажлаа цагаар төлөвлөж байна.

7.7. Гүйцэтгэсэн ажил, түүний чанар, үр дүн ажилласан цагийн харьцаа нь тухайн ажилтны чадварыг илэрхийлэх болно.

7.8. Боловсролын салбарт 25-аас доошгүй жил ажилласан ажилтан тэтгэвэрт гарахдаа 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг, захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарт36 сарын цалинтай тэтгэмжийг зохих хууль журмын олгоно.

ДОТООД ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН

ДОТООД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ

АХЛАГЧ: ………………. /Д.ТУНГАЛАГ/

ГИШҮҮД: ………………../Д.НАРАНЦЭЦЭГ/

………………../Ө.ЦЭВЭЭНСҮРЭН/

ДОТООД ЖУРМЫГ УНШИЖ ТАНИЛЦСАН

БАГШ НАР:                                                                                        АЖИЛЧИД:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн